Ачаалж байна...
Дохионы хэлний нэг дохио таван бүрдүүлбэр буюу гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл, үгэн бус илэрхийллээс бүтдэг. Сүүлийн бүрдүүлбэрээс бусад дөрөв нь гарын оролцоотой. Тав дахь бүрдүүлбэр буюу үгэн бус илэрхийлэлд нүүр хувирал, биеийн хөдөлгөөн, толгойн хөдөлгөөн, нүдний харцны хөдөлгөөн, амны хайрцгийн хөдөлгөөн ба уруулын хэлбэр зэрэг элементүүд багтана. Тухайлбал “ШИНЭ”, “ЦЭВЭР” гэсэн хоёр дохионы гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл яг ижил боловч зөвхөн үгэн бус илэрхийллээр ялгарна. “ШИНЭ” гэсэн дохионы уруул “ш” үсэг шиг хэлбэртэй бол “ЦЭВЭР” гэсэн дохиог нүдээ онийлгон амаа жимийсэн байдлаар дохино.
Өөр нэгэн жишээ нь “ГАДААД”, “АРГА”, “БОДОХ” гэсэн гурван дохионы эхний дөрвөн бүрдүүлбэр яг ижил ч тус бүр үгэн бус илэрхийллээрээ ялгардаг. “ГАДААД” гэсэн дохио нь амны хайрцгийн хэлбэрээр, “АРГА” гэсэн дохио нь толгойн санжганах хөдөлгөөнөөр, “БОДОХ” гэсэн дохио хөмсгөө буулгаж, нүдээ онийлгосноороо ялгарч, огт өөр үгийн утгыг илэрхийлж байна.
Үгэн бус илэрхийллийн элементүүдээс амны хайрцгийн хөдөлгөөн буюу уруулын хэлбэрийн талаар дэлгэрүүлж тайлбарлая. Амны хайрцгийн хөдөлгөөнийг гурван төрөлд ангилна: (1) дохионы үгийг бүтнээр илэрхийлэх амны хөдөлгөөн, (2) дохионы үгийг хэсэгчлэн илэрхийлэх амны хөдөлгөөн, (3) үг үл хамаарч, дохионы утгыг дүрсэлдэг амны хайрцгийн хэлбэр, уруулын хөдөлгөөн.
Жишээ болгон харуулбал, дохионы үгийг бүтнээр илэрхийлэх амны хөдөлгөөнтэй дохио: “ААВ”, “ЭЭЖ”, “НОМ”. Дохионы үгийг хэсэгчлэн илэрхийлэх дохио: “ГАЗАР”, “МЭДЭХ”, “ОЙЛГОХ”. Харин дохионы утгыг дүрсэлдэг амны хайрцгийн хэлбэр, уруулын хөдөлгөөнтэй дохио: “ТААРУУХАН”, “ДАЖГҮЙ”, “ТУРАНХАЙ”.
“ХАЙРТАЙ” гэсэн дохиог гурван төрлийн амны хөдөлгөөнөөр илэрхийлж болно. Эхнийх нь үгийг бүтнээр “хайртай” гэж, дараагийнх нь үгийг хэсэгчлэн “хай” гэж, сүүлийнх нь “амаа жимийсэн” уруулын хэлбэртэй илэрхийлнэ. Эдгээр бүх хувилбарыг хэрэглэж болно.
“ГОМДОХ” гэсэн дохиог мөн гурван янзаар илэрхийлж болно. Эхнийх нь “гомдох” гэж бүтнээр, хоёр дахь нь “гом…” гэж хэсэгчлэн, гурав дахь нь үгийг илэрхийлэхгүй “хошуугаа унжуулж, цорвойлгосон” хэлбэртэй. Эдгээр гурав бүгд ижил утгатай дохионы хувилбар юм.
Гэхдээ дохио бүр гурван ангиллаар бүгдээр нь зэрэг илэрхийлэгдэх боломжгүй. Жишээлбэл, амны хайрцгийн “үлээх” уруулын хөдөлгөөнтэй “САЛХИ” гэсэн дохиог бүтэн үгээр “салхи” гэж амны хөдөлгөөнөөр илэрхийлэх боломжгүй. Хэлээрээ уруулаа төмбийлгөн илэрхийлдэг “САРМАГЧИН” гэсэн дохиог ч “сармагчин” гэж амны хөдөлгөөнөөр илэрхийлэх боломжгүй. Зарим дохио зөвхөн нэг амны хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг.
Амны хөдөлгөөний гурван төрөл — үгийг бүтнээр, үгийг хэсэгчлэн, амны хайрцгийн хэлбэр ба уруулын хөдөлгөөн — нь монгол дохионы хэлээр илэрхийлсэн өгүүлбэрт хэрхэн хэрэглэгдэхийг бичлэгээс харна уу. Жишээ өгүүлбэр: “Удахгүй болох сагсан бөмбөгийн тэмцээнээс өмнө манай баг бэлтгэлээ сайн хангасан.”
Өгүүлбэрийг дохихдоо үг бүрийг нэг бүрчлэн амны хөдөлгөөнөөр дагаж хэлэх нь “Монгол дохионы хэл” биш. Харин дохио бүрд нь гурван төрлийн амны хөдөлгөөнийг тохируулах нь “жинхэнэ” Монгол дохионы хэл юм. Амны хайрцгийн болон уруулын хэлбэр, хөдөлгөөнийг таньж ялган, зөв ашиглаж сураарай. Энэхүү “Монгол дохионы хэлний цахим толь бичиг”-т буй жишиг өгүүлбэрээс суралцаж болно.