Ачаалж байна...
Ярианы хэлэнд авиа, авиалбарууд нийлж үг бүтээдэг. Жишээлбэл, “ш”, “а”, “р” гэсэн гурван авиа нийлэн “шар” гэсэн утга бүхий үгийг бүтээдэг. Дохионы хэлэнд нэг дохио гарын таван бүрдүүлбэр болох гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл, үгэн бус илэрхийллийн нийлэмжээр бүтдэг.
Жишээлбэл, гарын хэлбэр нь дараах байдалтай, байрлал нь хацар дээр хүрсэн, хөдөлгөөн нь шулуун чигээрээ, алганы чиглэл дотогшоо харсан, үгэн бус илэрхийлэл нь амны хөдөлгөөнөөр уруулаа цорвойлгосон илэрхийлэл гаргаснаар “ШАР” гэсэн дохио бүтэж байна.
Эхний бүрдүүлбэр нь гарын хэлбэр байна. Дохио бүр нэг болон хоёроос дээш гарын хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Нэг гарын хэлбэрээр илэрхийлэгдэх дохио нь “БАЯРЛАЛАА”, “ГОМДОХ”, “ТУСЛАХ” гэсэн дохионууд байна. Харин хоёроос дээш гарын хэлбэрээр илэрхийлэгдэх дохио нь “ЦЭЦЭРЛЭГ”, “НАР”, “ДЭЭД СУРГУУЛЬ” гэсэн дохио байна.
Байрлал гэдэг нь дохио бүр биеийн аль нэг хэсэгт хүрэх эсвэл ойролцоо дохигддог тухайн байрлалыг илэрхийлдэг. Жишээлбэл, “БОДОХ” гэсэн дохио нь чамархай дээр, “ДЭВТЭР” гэсэн дохио нь гар дээр, “ТЭНГЭР” гэсэн дохио толгойн дээд хэсэгт, “ЗААХ” гэсэн дохио биеийн урд, “СЭТГЭЛ” гэсэн дохио цээжинд тус тус байрлалтай дохигдоно. Дохио бүр өөрийн гэсэн байрлалд дохигддог.
Дохионы хэл бол хөдөлгөөнтэй хэл. Дохио бүрийг мөн янз бүрийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Жишээлбэл, “БАЙНА” гэсэн дохио доошоо шулуун чиглэлтэй, “ДУГУЙ” гэсэн дохио дугуйран эргэх хөдөлгөөнтэй, “ГОЛ” гэсэн дохио долгиолсон чигээрээ чиглэлтэй, “МАГАДГҮЙ” гэсэн дохио чичрэх хөдөлгөөнөөр илэрхийлэгдэнэ.
Алганы чиглэл гэдэг нь тухайн алга хаашаа харсан чиглэлтэй байхыг илэрхийлдэг. Гарын алгаа атгасан ч, дэлгэсэн ч аль чигт харуулсан байх ёстойг илэрхийлнэ. Жишээлбэл, “МИНИЙ” гэсэн дохионы алга дотогшоо харсан, “АХЛАГЧ” гэсэн дохионы алга нь зүүн болон доош харсан, “УУЛЗАХ” гэсэн дохионы баруун гарын алга нь зүүн тийш, зүүн гарын алга нь баруун тийш харсан байна. Дохио бүр өөрийн гэсэн алганы чиглэлээр илэрхийлэгддэг.
Үгэн бус илэрхийлэл гэдэгт нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, толгойн хөдөлгөөн, нүдний харц, уруулын хөдөлгөөнүүд ордог. Ямар нэг зүйлийг дохихдоо үгэн бус илэрхийлэл гаргахгүй дохивол тухайн дохионы утгыг ойлгох төвөгтэй. Үгэн бус илэрхийлэл дохиотой хамт хэрэглэгдэж утгыг нэн тодорхой болгодог. Жишээлбэл, үгэн бус илэрхийлэлгүй “УУРЛАХ”, “БАЯРЛАХ” гэсэн дохио ойлгомжгүй харагдах бол үгэн бус илэрхийлэлтэй үед утга нь маш ойлгомжтой болдог.
Таван бүрдүүлбэрийн аль нэг элементийг буруу илэрхийлснээр тухайн дохионы утга өөрчлөгддөг ба хэрхэн өөрчлөгдөж, улмаар ямар үр дагаварт хүргэдгийг доорх бичлэгээс үзэж болно.
1. Гарын хэлбэр. “Ах” гэдэг үгийг нэг хэлбэрээр, “хар” гэдэг үгийг өөр хэлбэрээр илэрхийлдэг. “Ах нь юу хийж байна вэ?” гэж асуух гэж байгаад “ах” гэдэг дохионы гарын хэлбэрийг буруу илэрхийлснээр “Хар юу хийж байгаа вэ?” гэсэн ойлгомжгүй асуулт болж хувирна. Гарын хэлбэрийг буруу илэрхийлэхэд л дохио өөр утгатай болдог тул хэлэх гэсэн зүйлийнхээ гарын хэлбэрийг зөв илэрхийлэх шаардлагатай.
2. Байрлал. “Өвөө”, “эмээ” үгийг дохиолохдоо гарын хэлбэр, хөдөлгөөн, алганы чиглэл адил боловч байрлал, үгэн бус илэрхийлэл нь өөр. “Өвөө” гэдэг дохиог духны хажуу хэсгээр, “Эмээ” гэдэг дохиог эрүү хэсгээр дохино. “Өвөөгийнх нь бие сайн уу?” гэж асуухад буруу байрлалаар дохиж, амны хайрцаг нь “өвөө” гэж байгаа ч дохио нь “эмээ” болсон тул эргэлзээ үүсгэнэ. Дохионы байрлал хаана ч хамаагүй байж болохгүй.
3. Хөдөлгөөн. “Тэмцээн” болон “баян” гэсэн дохионы гарын хэлбэр, байрлал ижил ч хөдөлгөөнөөрөө ялгардаг. “Тэмцээн” гэсэн дохиог нэг байрлалд хоёр удаа давтаж дохих бол “баян” гэсэн дохио байрлалаасаа дээш шулуун чиглэлтэй. “Хоёулаа тэмцээн үзэх үү?” гэхийг буруу хөдөлгөөнөөр илэрхийлснээр “Хоёулаа баян үзэх үү?” гэсэн утгагүй асуулт болдог. Зөв хөдөлгөөн ашиглахгүй бол буруу ойлгогдох эрсдэлтэй.
4. Алганы чиглэл. “Байна”, “өгөөч” гэсэн дохионы гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн адил, зөвхөн алганы чиглэлээрээ ялгарна. “Байна” гэсэн дохионы баруун гарын алгыг зүүн тийш, “Өгөөч” гэсэн дохионы баруун гарын алгыг дээш харуулна. “Утсаа өгөөч” гэхийг алганы чиглэлийг өөрчилснөөр “Утас байна” гэж буруу ойлгогддог. Алганы чиглэлээс ярианы агуулга шалтгаалдгийг анхаарах нь зүйтэй.
5. Үгэн бус илэрхийлэл. Зарим дохио ижил гарын хэлбэр, хөдөлгөөн, байрлал, алганы чиглэлтэй бөгөөд тэдгээрийг үгэн бус илэрхийллээр ялгана. Аливаа зүйл үүсэх утгатай “гарах” дохио, “балрах, сүйрэх” дохио нь үгэн бус илэрхийллээрээ ялгаатай. “Ийм шинэ утас гарсан байна” гэж сонирхуулахад нөгөө хүн “утас нь эвдэрчээ” гэж ойлгосон нь “гарах”-ыг “сүйрэх, балрах”-ын үгэн бус илэрхийллээр буруу дохисноос болсон. Үгэн бус илэрхийллийг өчүүхэн өөрчлөхөд л үл ойлголцол үүсдэг тул анхаарах нь зүйтэй.